БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнагдлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолуныг  нутаг буцаж байгаатай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав  Энх тайван найрамдлын ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож,  Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын Найрамдал хамтын ажиллагааны дээд шагнал  “Найрамдлын Алтан-Од” одонгоор Элчин сайд Ван Шяолуныг шагнасаныг гардуулав. Энэ үеэр МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.ЗАГДЖАВ “Та Элчин сайдаар ажилласан энэ хугацаандаа хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр орууллаа.  Монгол, Хятад хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимжиж,  гэрээ хэлэлцээрүүд амжилттай хэрэгжин ард түмнүүдийн харилцан итгэлцэл, ойлголцол сайжирч, иргэд байгууллага, бүс нутгийн шууд харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээнүүд тогтмолжиж, ялангуяа  БНХАУ-ын дарга Си Жинпин  манай улсад төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлал хийсэн гээд олон чухал үйл явдаар дүүрэн байлаа. Энэ бүгд таны ажлын үр дүн юм гэж бид ойлгож байна. Монгол Улс хүчирхэг хоёр гүрэнтэй мөнхийн хөршүүд, тиймээс монгол өөрөө хүчирхэг орон юм” гэж хэллээ. Харин Элчин сайд  Ван Шяолун: “Монгол Улс халуун дулаан сэтгэлтэй,  нөхөрсөг зочиломтой, найрсаг ард түмэнтэй, үзэсгэлэнтэй сайхан байгальтай орон юм. Ийм улсад ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байна. Мөн “Найрамдлын Алтан-Од” шагналаар шагнасан нь миний хувьд нэр хүндтэй хэрэг байлаа.  Цаашид хоёр орны ард иргэдийн харилцааг хөглүүлэх чиглэлээр бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлээ.

Шагнал гардуулахад Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын дэд Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Сүрэнжав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Лю Ли, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хөрш орнуудын газрын 1-р нарийн бичгийн дарга Э.Ундраа, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэ нар байлцлаа.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН  БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

DSC_2200 DSC_2211

Leave a Reply