Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 40 жилийн ойн баяр

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 40 жилийн ойн баярын арга хэмжээ 5 дугаар сарын 20-ны өдөр тус төвд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Уг арга хэмжээг угтаж Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, ОШУСТ, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтарч “Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын уралдааныг зарлаж, гурван байгууллагыг төлөөлсөн шүүгчид шатчилсан шалгаруулалт явуулсны үндсэн дээр эхний гурван байрын шагналтан, тусгай зургаан байрын шагналтан хийгээд уралдаанд сурагчдаа идэвхтэй оролцуулсан гурван багшийг тус тус шалгаруулсан. Түрүү байранд орсон орос-монголын хамтарсан 3 дугаар сургууль, нийслэлийн 71 дүгээр сургууль, “Радуга” сургуулийн сурагч, багш нар универсаль зориулалтын зүүдэг камер, чихэвч, үнэ бүхий зүйл, дурсгалын дипломоор шагнуулав.

ОШУСТ-ийн тэргүүн Е.Г.Михайлов ойн арга хэмжээг тохиолдуулан зохион бэлтгэсэн том хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, урилгаар хүрэлцэн ирсэн ахмад дайчид, нийт зочдод сонирхолтой тайлбар танилцуулга хийсэн нь олны сонирхлыг татав.

Баяр ёслолын арга хэмжээн дээр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Азизов И.К. үг хэлж, Монгол Улсын Баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ардын жүжигчин Хайдав, гавъяат багш Галсан, ННМЭ-ийн тэргүүн Цогзолмаа зэрэг эрхмүүд баяр хүргэсэн.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавын захирамжаар ОШУСТ-ийн тэргүүн Е.Г.Михайловыг байгууллагын “Найрамдал” медалиар шагнасныг Хөрш орнуудын газрын дэд захирал С.Энхбат гардуулав.

Монгол Улсын төрийн соёрхолт С.Сүхбаатарын найруулж тавьсан ойн баярын тоглолт концертыг заал дүүрэн цугласан зочид, үзэгчид алга нижигнүүлэн талархан хүлээн авч үзсэн._DSC6830 _DSC6849 _DSC6852 _DSC6856 _DSC6858 _DSC6868 _DSC6876 _DSC6877 _DSC6892 _DSC6898