ТАВ ДАХ УДААГИЙН “ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ЗАМ”-ЫН МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСЫН ХОТЫН ДАРГА НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найдамдах Хятад Ард Улсын Шаньши мужийн Жин Жүн хотноо 2017 оны 5 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 5 дах удаагийн Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны замын хотуудын дарга нарын дээд түвшний уулзалтанд Хятадын Соёлыг Дэлгэрүүлэх Нийгэмлэгийн урилгаар оролцлоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хятадын Соёлыг Дэлгэрүүлэх Нийгэмлэгийн тэргүүн Ван Ши болон Шаньши муж, Жин Жүн хотын удирдлагууд хүлээн авч хамтдаа хуримтлуулсан туршлагаа хэлэлцэн, энэ удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаанд улам илүү хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.

Тус арга хэмжээг Монголын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав нээн үг хэлж энэхүү арга хэмжээ нь цаашид Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор, орон зайг бий болгох хөрш гурван орны хөгжлийн бодлогуудтай уялдсан, гурван улсын хөгжилд чухал түлхэц болох төдийгүй стратегийн түншлэлийг цаашид бүх салбарт хөгжүүлэхэд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус ээлжит хуралдаан нь Түмэн газрын Цайны замын форум, Цайны зам дагуух муж, хотуудын дарга нарын дугуй ширээний хурал, Цайны замын аялал жуулчлалын холбооны анхдугаар хуралдаан гэсэн гол хурлуудаас бүрдсэн бөгөөд форумд Цайны зам дагуух улсуудын эрдэмтэн судлаачид цайны замын судалгааны илтгэл тавьж монголын талаас МУИС-ын Шинжлэх Ухааны Сургуулийн Ази судлалын тэнхимын дэд профессор, хэл бичгийн ухааны доктор профессор Ш.Эгшиг монголын цайны зам судлалын хүрээлэнгээс чиглэл авч “Монголын орчин үеийн цайны зам ба өртөө” сэдвээр илтгэл тавив.

Цайны зам дагуух муж, хотуудын дарга нарын дугуй ширээний хуралд Монгол Улсыг төлөөлөн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан , Баян-Өлгий аймгийн Засаг дарга  А. Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга  С.Гансэлэм, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Дорноговь аймгийн Засаг дарга  Т.Энхтүвшин, Увс аймгийн Засаг дарга  Д.Батсайхан, Завхан аймгийн засаг даргын орлогч Б.Ариунаа нар оролцож өөрийн аймаг, орон нутгийг цайны зам, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд хэрхэн холбож ажиллах талаар илтгэл тавив.

Энэ үеэр Цайны замын аялал жуулчлалын холбооны анхдугаар хуралдааныг зохион байгуулж, холбооны дүрмийг батлан хуралдаанд оролцсон гурван улсын муж, хотын дарга нар тус холбоонд гишүүнээр элсэн гарын үсэг зурж, Цайны замын аялал жуулчлалын холбооны албан ёсны цахим хуудсыг нээх ёслолд оролцов. Энэ холбоо нь 2016 онд зохион байгуулагдсан 4 дэх удаагийн Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны замын хотуудын дарга нарын дээд түвшний уулзалтын үер албан ёсоор байгуулагсан юм.

Мөн Монгол, Хятад, Орос 3 улсын “Түмэн газрын цайны замын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага” БНХАУ-ын Бээжин хотноо Түмэн газрын Цайны замын судалгааны төвийг түүхэндээ анх удаа үүсгэн байгуулж, тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Д.Загджав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцов.

Хятадын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг, Түмэн газрын Цайны замын Олон улсын хамтын ажиллагааны Байгууллагын саналаар дараачийн Түмэн газрын Цайны замын форум, Цайны зам дагуух муж, хотуудын дарга нарын дугуй ширээний хурал, Цайны замын аялал жуулчлалын холбооны ээлжит хуралдааныг Монголын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджаваар ахлуулан удирдан зохион байгуулахаар болсон юм.

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХӨРШ ОРНУУДЫН ГАЗАР

Web-1 Web-10 Web-8 Web-2 Web-7 Web-11 Web-5 web-4 Web-14 Web-12 Web-6 Web-13 Web -9