Турк Улсын Мармара Групп Сангийн ерөнхийлөгч Аккан Сувер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Турк Улсын Мармара Групп Сангийн ерөнхийлөгч Аккан Сувер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 10 дугаар сарын 3-наас 7-ны хооронд айлчлав. Мармара Групп сан нь тус улсын эдийн засаг, нийгэм, стратеги, аюулгүй байдлын талаар судалгаа,шинжилгээ явуулах, олон улсын семинар, уулзалт, чуулган зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Манай байгууллага Мармара Групп Сантай хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу түншийн харилцаатай ажилладаг. Айлчлалын бүрэлдэхүүнд тус байгууллагын дэд ерөнхийлөгч Самил Айрим, EMSAS Барилгын компанийн ерөнхий захирал Мехмет Фатих Арслан, КТЦ компанийн ерөнхий захирал Андрей Щербина нар багтсан. Айлчлалынхаа үеэр эдгээр эрхмүүд Монгол Улсын УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Монгол Улсын ерөнхийлөгч асан Г.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нартай уулзсаны дээр Орхоны хөндий рүү явж, түүхийн дурсгалт газруудаар аялсан. Мөн Зам Тээврийн Яам, Барилга Хот Байгуулалтын Яам, Үндэсний Хөгжлийн Газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хамтран ажиллах боломж бололцооны талаар санал солилцсон.

Нутаг буцахынх нь өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мармара Групп Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улс өмнө нь амласан 300 сая ам.долларын зээлийг манай улсын арьс шир боловсруулах салбартай уялдуулан шийдвэрлэх боломжийг дурдаж, уг асуудлыг нухацтай судлах асуудлыг Туркийн талд тавьсан. Уг уулзалтад оролцсон Турк Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд н. Ахмет Язал энэ асуудалд анхаарлаа хандуулахаа амлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочдыг хүлээн авсан уулзалтад Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав, Тамгын газрын дарга Р.Баярсайхан, Хамтын ажиллагааны газрын захирал С.Энхбат нарын албаны хүмүүс байлцав.

DSC_8536 DSC_8542 DSC_8531