Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 1 сарын 28-нд Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин зөвлөх Иван Сергеевич Мостыкаг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медаль гардуулав.
Шагнал гардуулах үеэр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин-Зөвлөх И. С. Мостыка хэлэхдээ:
“Би Монгол Улсад 5 удаагийн томилолтоор 30 шахам жил ажиллаж байна. ЗХУ, ОХУ-ын ЭСЯ-нд, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга, Консулын газрын дарга, элчин-зөвлөх, ерөнхий консул гээд дипломат олон албыг хашлаа. Монгол Улсын их өрийн асуудлыг зохицуулах, хоёр орны найрсаг харилцааг бүхий л шатанд хөгжүүлэн бэхжүүлэх, төрийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах зэрэг бүхий л асуудлуудыг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож байлаа. Манай 2 орны уламжлалт найрамдал, найрсаг харилцааны оргил сайн үе, хүнд амаргүй бүхий үеийн гэрч нь гэж өөрийгөө хэлж болно. Ерөнхийлөгч Д. Загджав Таныг Хан-Уул дүүргийн засаг дарга байхаас эхлэн сайн мэдэж, нягт хамтын ажиллаж байсандаа баярладаг. Таны өнгөрсөн оны 12 сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг ихэд анхааран ажиглаж байлаа. ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагааны төв байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, Төрийн Думын “Орос-Монгол” парламентын бүлгийн дарга С. М. Мироновтой уулзаж ярилцсаныг сайн мэдэж байгаа. Танд монголын энх тайван найрамдлын төв байгууллагыг жолоодон залах хүндтэй үүрэг ноогдуулж итгэл хүлээлгэсэнд их баяртай байна.. Таны ардын дипломатыг удирдах үйлсэд их амжилт хүсэн ерөөе” гэв.
Ерөнхийлөгч Д. Загджав хэлэхдээ: Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвны үйл хэргийг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлэлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Таныг энэ шагналаар шагнаж байна. Та олон жил Монгол Улсад дипломат өндөр албыг хашиж, манай орон, манай ард түмнийг сайн мэддэг анд болсон төдийгүй, цаашид ч гэсэн манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх эрхэм үйлсэд өөрийн арвин туршлага, мэдлэг, зүрх сэтгэлээ зориулна гэдэгт гүнээ итгэлтэй байна гэж тэмдэглэн хэллээ.
ОХУ-ын Ерөнхий консул И. С. Мостыка хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагналаар шагнаж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд, монгол-оросын найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд урьдын адил хичээн зүтгэх болно гэдгээ илэрхийллээ .
Leave a Reply