11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Торгоны Замын Төрийн Бус Байгууллагуудын Хамтын ажиллагааны сүлжээ байгуулах анхдугаар форум чуулав. Нийтдээ 50 улсын 300-аад төлөөлөгчид оролцсон уг арга хэмжээний нээлтэн дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн илгээмж, БНХАУ-ын дарга Си Зинпиний баярын захидлыг уншиж танилцуулсан. Хуралд уригдан оролцогсдын бүрэлдэхүүнд Египет Улсын ерөнхий сайд асан Эссам Абделазиз Ахмед Шараф, Румын Улсын ерөнхий сайд асан Виктор-Виорел Понта, Болгар Улсын шадар сайд асан Александр Томов, Танзани Улсын Тэргүүн хатагтай асан, өдгөө парламентын гишүүн Салма Рашид Киквете, Камбож Улсын Иргэний нийгмийн альянсын дарга Кемрийт Визет, Албани Улсын гадаад хэргийн сайд асан Ариан Старова, Египет Улсын гадаад хэргийн дэд сайд асан Али Хуссам Элдин, НҮБ-ын эдийн засаг, нийгмийн хэргийн газрын ТББ-ын салбарын даргын үүрэг гүйцэтгэгч Марк Андре Дорел зэрэг хүндэт зочид багтсан байв.
Форумын явцад олон тооны зочид төлөөлөгчид илтгэл тавьж, Торгоны Замын ТББ-ын хамтын ажиллагааны сүлжээний дүрмийг урьдчилсан байдлаар баталж, цаашид хамтран ажиллах арга замын талаар санал бодлоо солилцсон.
Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурлын явц, ач холбогдол, үр дүн, “Бүс, зам” санаачилгын үзэл бодол, БНХАУ-ын Үндсэн Хуульд орсон нэмэлт өөрчлөлт, тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өрнөж буй ололт амжилт зэрэг нь тус форумын төлөөлөгчдөд зориулж 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан семинараар тогтохгүй, хөтөлбөрийн турш гол сэдэв нь байв.
Ийнхүү форумын гадаад төлөөлөгчдийг хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийг нь Хеннан муж, нөгөө хэсгийг нь Гуанси-Жуаны автономит бүс рүү аялуулж, орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжил, ХКН-ын бодлогын хэрэгжилт, Далайн Торгоны замын өрнөлтийг газар дээр нь танилцуулсан.
Уг арга хэмжээнд байгууллагаа төлөөлж Хамтын ажиллагааны газрын захирал С.Энхбат оролцож Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан танилцуулж, БНХАУ болон бусад улс орны холбогдох байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бололцоог хамтран эрэлхийлж ажиллахаар тохиролцов.