Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо.

Эрхэмсэг ноён Fernando Gonzalez Llort танд болон найрсаг Кубын ард түмэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн халуун мэндчилгээг Монголын энх тайван, найрамдлын байгууллага, түүний  харьяа олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэн мэндчилэе!

Монголын Энх тайван Найрамдлын Байгууллага нь үүсгэн байгуулагдсан 60 жилийн хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, энх тайванч, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг сурталчлан хэрэгжүүлэхэд иргэний ардчилсан нийгмийн давуу тал, нөөц бололцоог ашиглан гадаад орнуудтай харилцах, хамтран ажиллах явдлыг ардын дипломатын аргаар дэмжин ажиллаж ирсэн юм.

Бид эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн бусад орныг өөрийн орны олон нийтэд танилцуулах чиглэлээр үндэсний болоод гадаадын холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа дэлхийн энх тайван,  аюулгүй байдлын асуудлаарх мэдээллийг монголын олон нийтэд хүргэх, улс түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх явдлыг сурталчилан ирлээ. Улс орондоо ардчилал, иргэний нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүчин зүйлийг өргөн ашиглах, үндэсний түүх, соёл, оюуны өв санг хадгалах, хамгаалах, судлан арвижуулах, сурталчлахад олон нийтийн хүч бололцоонд тулгуурласан аливаа санаачилгыг дэмжих, холбогдох талуудтай хамтран ажилласаар байна.

Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-нд БНКУ-тай дипломат харилцаа тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ч дэлхий дахинд үүсэд буй цар тахлаас үүдэн зарим үйл ажиллагаа хойшлогдсон хэдий ч Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо” бүтээлийг испани хэл дээр дахин хэвлүүлэхээр болсон нь сайшаалтай юм.

Бид дэлхий дахинд тулгараад буй цар тахлыг хамтдаа даван туулж, сайхан ирээдүйд хамтдаа гар гараасаа барилцан бүтээлцэх болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг дэвшүүлж байна.